25/04/2026
🌿 Шар Сүүний Ач Тус
Монголчууд эрт дээр үеэс сүү, цагаан идээгээ зөв боловсруулж, эрүүл мэнддээ тустайгаар хэрэглэж ирсэн ард түмэн билээ. Тэдгээрийн нэг бол шар сүү юм.
Шар сүү нь сүүний хүчил, фермент (энзим), чанартай уураг агуулдаг. Мөн В6, В12, В2, К, С витамин, кальци, кали, магни, фосфор зэрэг олон төрлийн эрдэс бодис болон амин хүчлүүдээр баялаг. Үүнээс гадна илчлэг багатай тул эрүүл хооллолт баримталж байгаа хүмүүст маш тохиромжтой ундаа юм.
Орчин үеийн судалгаанууд ч шар сүүний ач тусыг баталж байна. Тухайлбал:
✨ Зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ – даралт ихсэх, цус харвах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд тустай.
✨ Холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ.
✨ Булчингийн хөгжилд сайн
Шар сүүний уураг нь үл орлогдох амин хүчлээр баялаг бөгөөд судалгаагаар махны уурагтай харьцуулахад илүү сайн, хурдан шингэдэг гэж үздэг.
🌱 Яс, өсөлтөд тустай
Кальцийн агууламж өндөр тул ясны сийрэгжилтээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг.
🌱 Биеийн хор гадагшлуулахад тустай
Сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа шар сүү нь биеийг зөөлөн цэвэрлэх үйлчилгээтэй гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Хоол хүнс болон эмийн нөлөөллөөс үүссэн хорыг гадагшлуулахад тустай.
🌱 Дархлаа дэмжинэ
Шар сүүний уураг нь биеийн дархлааны тогтолцоог дэмжихэд чухал нөлөөтэй. Ялангуяа бие сулдсан, өвчин эмгэгийн дараах үед болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүү уулгах нь дархлааг дэмждэг.
🌱 Хоол боловсруулалтыг сайжруулна
Ууж хэрэглэхэд ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоол шингээлтийг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
🌱 Бодисын солилцоог дэмжинэ
Цусны эргэлтийг сайжруулж, биеийн бодисын солилцоог идэвхжүүлснээр эрч хүчийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
🌱 Арьс, үсэнд тустай
Зарим хүмүүс арьсны харшлын үед шар сүүгээр биеэ шавшиж, нүүр гараа угаах, үсээ зайлах байдлаар хэрэглэдэг. Ингэснээр арьсыг зөөлрүүлж, цэвэрлэж, гэрэлтсэн харагдуулдаг гэж үздэг.
Өнөө үед дэлхий даяар Whey Protein буюу шар сүүний уургийг нунтаг хэлбэрээр хэрэглэдэг болсон. Гэвч эдгээр нь ихэвчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан, нэмэлт бодис агуулсан байх нь элбэг. Харин гэрийн нөхцөлд гаргаж авсан байгалийн шар сүү нь илүү цэвэр, байгалийн гаралтай, шим тэжээлээ бүрэн хадгалсан байдаг.
🥛 Гэрийн нөхцөлд шар сүү гаргах энгийн арга
1 литр цэвэр сүүг хөөрүүлж халуун байхад нь 100гр исгэлэн тараг хийж хутгана.
Хэсэг хугацаанд амраахад сүү ээдэм болон шар сүү гэж хоёр хэсэгт хуваагдана.
Ээдмийг нь шүүж авна
Үлдсэн шингэн нь бидний хэлдэг шар сүү юм
Шар сүүгээ шүүж шилэн саванд хийж хөргөгчинд хадгалан хэрэглэж болно.
✨ Өглөө бүр ганцхан аяга шар сүү уугаад 7 хоног туршаад үзээрэй.
Бие хөнгөрч, бэлхүүс нарийсаад ,нүдний өнгө сэргэж, арьс илүү гэрэлтсэн болдог шүү.🤗❣️
Байгаагаа зөвөөр хэрэглэж, эрүүл амьдралдаа ашиглаж сурцгаая.