30/06/2026
АТГ-аас АЙДАГГҮЙ, АУДИТЫГ ТООДОГГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАРТ ЗАХИРАГДАДГҮЙ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ЗАДАРСАН ДАРГА
З.ТУЯАГ АВГАЙГ ХЭН ДАВРУУЛААД БАЙНА
Зам тээврийн яам гэж хэдэн дарга нар нь жилийн жилд л хулгай хийдэг, авилга авдаг, аллага үйлддэгээрээ алдаршаад байгаа билээ. Төрийн нарийн бичиг, газар хэлтсийн дарга нар нь байнга л “АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН” гэмт хэрэгт холбогдож, шоронд орж, ял эдэлдэг үзүүлэлтээр улсдаа толгой цохидог яам гэж хэлж болно. Хэдхэн жилийн өмнө тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь ажлын байрандаа архи уун танхайрч Дотоод хяналтын албаныхаа дарга залууг зодож алсан хэрэг гарч байсан. Хэлтсийн дарга нь авилга авч байгаад гардуулж байсан бол өнгөрсөн жил тус яамны төрийн нарийн бичгийн дарга нь мөн л тендэр хуссан хэргээр яллагдсан гэх мэтчилэн эрүүгийн гэмт хэрэг тасардаггүй зовлонтой яам юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Зам тээврийн сайдаар томилогдож очсоноос хойш тус яаманд гардаг хулгай луйврын хэрэг таслан зогсоов уу гэтэл бас л үгүй бололтой.
Үндэсний Аудитын Газраас Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар(ИНЕГ), Иргэний нисэхийн үндэсний төвийн(ИНҮТ) 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтаар эдгээр төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг шалган тогтоож төрийн байгууллагад учруулсан хохирлыг холбогдогч этгээдээр нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулах акт тавигджээ.
Тодруулбал, Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга З.Туяа гэгч эмэгтэй албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бүтэн жилийн турш төрийн байгууллагаас албаны машин гаргуулан хувьдаа унаж ашиглаж байсныг АТГ-аас шалган тогтоожээ.
Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын (ИНБХГ) даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Зинаамидэр овогтой Туяа гэгч 2025 оны 8 дугаар сараас энэхүү албан тушаалд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ИНҮТ-өөс авто машин дайчлан гаргуулж хувьдаа унаж эдэлж байгаа нь албан тушаалын эрх мэдлээрээ хүч түрэн өөртөө давуу байдал үүсгэн холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчиж байсныг дээрх Үндэсний Аудитын Газар болон Авлигатай тэмцэх газрын шалгалтаар илрүүлжээ.
З.Туяагийн хашиж байгаа Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал нь албаны машин унах эрхгүй байтал Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;", 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", 41 дүгээр зүйлийн 41.2.2-т "батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 5.1.3-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;", 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "сахилга баттай байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "… Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор суудлын автомашин ашиглахыг хориглоно", 6.4-т "Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ", Тээврийн хэрэгслийн дулаан зогсоолын түрээст мөнгө зарцуулахгүй байх гэж заасныг тус тус зөрчин эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр удирдамжгүйгээр ИНЕГ-ын дарга, ИНҮТ-ийн гүйцэтгэх захиралыг нь дарамтлан төрийн байгууллагаас албаны авто машин дайчлан гаргуулж, ажил, амралтын бүх өдрүүд буюу сарын 31 хоног хувийн хэрэгцээндээ албаны цагаан цэнхэр өнгийн дугаар (хожим дугаарын дэвсгэр өнгийг өөрчилсөн), бүхий авто машин гаргуулан унаж, ямбалаж ирсэн байна.
Ингэхдээ З.Туяа нь ИНҮТ-ийн Газрын тусгай үйлчилгээний авто баазын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 91-13 УКН цэнхэр дугаартай “Nissan self” маркийн авто машиныг тус ИНҮТ-ийн нэр дээр “захиалгын хуудсаар” өдөр бүр 180 км гэж лемит тогтоолгон хувьдаа унаж байгаа бөгөөд үүндээ шаардагдах тос шатахуун, запас сэлбэг, элэгдэл хорогдлын зардал, дулаан гражийн төлбөрийг хүртэл энэ хоёр төрийн байгууллагаас бүтэн жилийн турш 100% даалгуулж байгаагаас гадна энэ машины жолоочоор Батбаяр гэгчийг (хувийн жолооч) авч цалин хөлсийг (2,000,000 төгрөг) хүртэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээний авто баазын зардлаас гаргуулдаг байна.
З.Туяагийн энэхүү хууль бус үйлдлийг АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалган тогтоож, Авлигын эсрэг хуулийн 6.6, 6.7, 6.8-рт заасны дагуу зохих шийтгэл хариуцлага тооцуулах тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.
Мөн Үндэсний Аудитын Газраас удаа дараа зөрчил гаргаж байгаа ИНЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаярт сахилгын хариуцлага ногдуулах тухай 2026.02.25-ны өдрийн 161/A0170104 тоот албан шаардлагыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хүргүүлсэн байна.
Хүрээний бузрыг дурьдвал далай, далай гэдэг шиг З.Туяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.1 – 14.3 дах хэсэгт заасныг зөрчин МИАТ.ХХК, Чингис Хаан ОУНБ, Иргэний нисэхийн үндэсний төв гэх “гурван ТӨХК-ийн” ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллаж, давхар цалин хөлс авч хуулийг гууль болгодог задарсан этгээд ажээ. Тэрээр өөрийн охин Л.Номингоо ИНЕГ-аас нэг тэрбум төгрөг гаргуулан Канад улсад суралцуулж арайхийн нисэгчээр төгсгөсөн бөгөөд ямарч дадлага туршлаггүй охиноо шууд МИАТ.ХХК-ийн В-737 онгоцны нисэгч болгожээ. З.Туяа нь ар өврийн хаалгаа ашиглаж, дунд оврын F-50 онгоцны дарга болж чадахгүй өчнөөн удаа унасны эцэст багш нисэгчийнхээ хормойд зүүгдэн байж дарга болсон нөхөр Ж.Лхамсүрэнгээ бас л МИАТ.ХХК-ийн В-737 онгоцны дарга нисгэгчийн нэн хариуцлагатай албан ушаалд тавиулсан ихээхэн сүүхэйтэй этгээд юм. Гэвч “нүгэл нь нүдээрээ гарна” гэгчээр нөхөр Ж.Лхамсүрэн нь В-737 онгоцны дарга болонгуутаа Ховд нисэх буудлаас хөөрч чадалгүй зурваснаас гарган онгоцоо эвдэж, МИАТ компанийг 10 тэрбум төгрөгөөр хохироосон байдаг.
Төрсөн дүү З.Нарантуяагаа ИНЕГ-ын зардлаар ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид суралцуулсан боловч дүү Нарантуяа нь удаа дараа хулгай хийж Монголчуудын нэр төрийг бузарлан харлуулж, сургуулиас хөөгдсөн байтал одоо хир нь байгууллагад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлээгүй байна. Эдгээрээс гадна З.Туяа нь Г.Нямдаваа гэгчийг ИНЕГ-ын даргаар ажилласан нэг жилийн хугацаанд түүний доор Захиргаа, удирдлагын Газрын даргын албан тушаалыг Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалтай хавсран гүйцэтгэж давхар цалин авч завшсан байдаг. Ингэхдээ хууль журам зөрчин олон хүнийг “хахуулиар” ажилд авсаны дотор АТГ, Прокурор, Шүүх байгууллагын нөлөө бүхий эрхэмүүдийн хамааралтай хүмүүсийг ИНЕГ-ын харьяа байгууллагуудад ажилд авсан байдаг. З.Туяаг энэ мэтчилэн маш олон асуудлаар АТГ-т өгсөн боловч тэрээр хууль хяналтын байгууллагыг аргалж дөнгөдөг арга бачаараа уснаас хуурай гарсаар байна. Энэ талаар тусгайлан бичихээс гадна З.Туяагийн ноцтой гэмт хэргийн шинжтэй болоод хууль бус үйлдлийг нь цувралаар нийтэлж, толилуулах болно.