17/09/2025
Гүзээний үс бол эм юм. Гүзээний үсэнд эмийн олон төрөл байдаг гэж үзээд хөгшчүүл бидэнд идүүлэх гэж хичээдэг байв. Гүзээ мулзалж чанах бол монгол хоолны соёл биш. Монголчууд гүзээний үс хусахыг цээрлэдэг байв. Цээрлэх болсон олон шалтгаан бий. Нэгд гэвэл малгүй болдог гэж үзжээ. Буянт мал сүргийн хамгийн их хишиг буян нь оршдог эрхтэн бол гүзээ юм санж. Байгалийн хамаг эрчис шингэсэн өвс ургамал, рашаан усыг монгол бэлчээрийн мал өөрсдөө танин мэдэж олж идэх мэдрэмж өгөгдлөөрөө олж иддэг.
Бэлчээрийн үй түмэн ургамал бол малын уран амаар орж ходоод гэдсэнд нь боловсроод тарга хүч нэмэж эм болж үйлчилдэг. Монгол хүн бол бэлчээрийн мал аж ахуйтайгаа хэдэн мяаганаас шүтэн барилдлагатай. Монгол хүнд байгалиас заяагдмал, бүр тэнгэр бурхны бэлэг бол таван хошуу мал. Таван хошуу малынхаа дотор гэдэснээс хамгийн амин дэм нь гүзээнд бий. Мөртлөө бүр гүзээний үсэнд шүү! Гүзээний үсэнд хэдэн зуун төрлийн ургамлаас тогтсон амин дэм шингэдэг, тэр амин дэмийг чанаж болгож идсэнээр хүний гэдэс дотрын бүхий л эд эрхтэн болоод яс, цус мэдрэлийн хамаг өвчнөөс сэргийлдэг жамтай.
Жаахан байхдаа үстэй гүзээ идэхгүй, муухай баас амтагдаж байна гэж нохойд хаяж өгөөд хөгшин ээждээ зодуулж байлаа. Хөгшин ээж минь хэлэхдээ,
- Малын буян гүзээндээ оршдог юм. Чи бодоод үзээч! Гүзээтэй тос ямар гээч сайхан үнэр амттай билээ. Гүзээнд даршилсан малын тэжээл ямар гээч чанартайг чи ухаарах болоогүй л дээ. Гэхдээ мэдээд ав хүү минь, гүзээнээс өөр саванд өрөм зөөхий хийж хадгалах, малын мах үүцлэх, малын тэжээл, даршлахад гүзээнд хадгалсаныг огт гүйцдэггүй юм аа. Малын гүзээ бол их өөр чанартай шүү гэж билээ. Гүзээ хэдий их үстэй байх тусмаа тэр малын мах их чанартайг илтгэнэ.
Зарим жилийн малын гүзээний үс халцгайдуу байх нь бий. Тэгвэл тэр жилийн ургамал шим тэжээл муутай муу жил гэсэн үг. Зарим нутгийн малыг гаргаад идэхээр мөн адил гүзээ нь үс муутай байдаг. Шим муутай байна гэсэн үг. Дээр муу жил гэж цухас өгүүлэв. Муу жил гэж байдаг, хэчнээн бороо устай ч ургац муу, ургасан байлаа нялзуургүй, шимгүй гэсэн үг. Муу жилд хүн малын өвчин дэгдэмхий, хүн, мал, ер аливаа амьтны сэтгэл тогтворгүй, хүний санаанд оромгүй сэтгэл зүрх цочроосон муу муухай үйл хэрэг ердийнхөөс илүү гарамтгай жилийг муу жил гэдэг. Муу жилийн мал хүртэл хотондоо ирдэгггүй, айлын малтай нийлсэн ч ижил сүрэг, хашаа хотоо тэмцэж гүйж ирэх нь үгүй ухаа мэдрэл нь муудчихдаг.
Монголчууд цэцгэнд цадсан ямаа гаргасны дараа юун түрүүнд гүзээний үсийг шинждэг. Гүзээний үс бол хаврын тарчигт жаахан халцайгаад зуны дэлгэрт ургадаг. Үүнийг малын долоо найман тарга хүчийн нэгэнд тооцогдох гүзээн тарга гэж үздэг. Агь, шаваг, дагш хорж зэрэг хурц гашуун ургамал түлхүү ургадаг газрын малын гүзээ улаан хүрэн бус, хүрэн бараандуухан өнгөтэй байдаг. Гүзээний сэвсийг асгаад усаар зайлж үсийг угаачихаж байгаад чанах нь мэдээж. Гэхдээ бүрэн угааж цэвэрлэхгүй, жаахан сэвс амтагдаж байх төдий тусмаа сайн гэдэг. Сайн муу сархинаг мөн адил өнгөртэй чигээр нь идвэл илүү чанартай. Багад тэгэж хэлээд үл ялиг сэвс амттай гүзээ идүүлэх гэхээр нэлээд дургүйгээр барахгүй жаахан уур хүрдэг байжээ. Гэтэл хамаг амин дэм нь тэндээ оршдог санж.
Гүзээг сүүлтэй холиод бууз хийх мөн сайхан шүү! Түүхийгээр нь хийвэл удаан болдог болохоор 30 гаруй минут жигнэнэ. Болсон гэдсэн дотроос гүзээг ялгаж аваад ханчиртай, сүүлтэй хольж бууз хийж идвэл сульдаа өвчинд сайн. Өнөөгийн хэллэгээр бол сахарын өвчин гэсэн үг. Гүзээний үсээр эмийн ургамал хийж байсан гэх яриа ч бий. Дээр үед усны сав ховор үед бол гүзээнд ус хийж зөөдөг байжээ. Ер гүзээг олон талаар ашиглаж хэрэглэж ирсэн, малын хишгийн сав гэж гүнээ хүндэтгээд гүзээний сэвс арилгах үед гүзээгээр хад, мод шавхуурдах, гүзээтэй сэвснээс цээрлэхдээ юман дээр тавьж түрэх, газар дээр чирэх зэргийг зэгсэн цээрлэж иржээ. Заавал хоёр гардаж өргөж аваачаад доторх сэвсийг нь асгадаг. Тэр байтугай гүзээтэй сэвсний дээжээс духандаа хүргэдэг ёстой.
Гүзээн бууз, болоод гүзээний шөл гүзээний тухай хууч домог яриаг тунамал оршихуй номдоо бичиж өгүүлсэн билээ. Хорт хавдар тусаад эмчлүүлсэн ба хүндэвтэр мэс засал хийлгэж тэнхээ дордсон хүнд гүзээний шөл уулгадаг. Эрт урд цагт дайнд яваад шархадсан цэрэгт сэвстэй гүзээгээр хоол хийж өгдөг байсан гэж хууччуул дурсан ярьдаг. Гүзээний үсийг хутгаар хусаж цэвэрлэхийг хөгшчүүл бүүр үзэн яддаг. Монгол хүн байтлаа, буянт малынхаа гүзээний үсийг хутгаар хусаад буянаа барлаа гэдэг сэн. Гүзээний үс хусаж мулзалж чанадаг уламжлал бол мөн саяханаас тогтсон олдмол заншил шүү! Тэр сайхан амин дэмтэй юмыг идэхгүй мулзалж хаях бол хэтэрхий цамаан, мунхаг заншил. Амны хишиг нь ар дээрээ гарсан явдал шүү