30/06/2026
Нэвтрүүлгийн маань хойморт Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Тонж Манлай засуул Х.Пүрэв морилон саатлаа.
Идэр залуу наснаасаа эхлээд өтөл буурал болтлоо монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд алдар цуут бөхчүүдийн амжилт ялалтыг дэргэдээс нь дэнсэлж, алдаа оноог нь алганы амтаар ухааруулж явсан түүнийг нэвтрүүлгийнхээ 87 дахь дугаарт урьж, олон зүйлийн талаар хөөрөлдлөө.
Пүрэв гуайтай ярилцаж байхад засуул хүн хэзээ ч шударга ёсыг уландаа гишгэж болохгүй, эсрэг бөх нь хэн ч байсан ямагт өөрийн засаж байгаа бөхөө давуулахын төлөө ажллах ёстой гэсэн үндсэн зарчмыг хатуу сахиж ирсэн нь анзаарагдсан. Тиймдээ ч өөрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд Монгол улсын аварга Д.Сумъяабазар нь Г.Өсөхбаяр аваргатай үзүүр түрүүнд барилдаж байхад өөрийнх нь мөрөн дээрээс гарсан Өсөхөө аваргад, "хөлийг нь газраас хөндийрүүлж сайн татаж байгаад гуядаарай" гэж зөвлөж, аварга ч хэлсэн ёсоор нь гуядаж түрүүлсэн байгаа юм. Охин дүүгийнхээ хүүхдийг унагаах аргыг өрсөлдөгчид нь хэлж өгөөд зогсож байх тийм шударга засуул одоо цагт байх болов уу. Ээ дээ, мэдэхгүй.
Пүрэв гуай хүн харахад шөвгөрдүү царайтай, туранхайвтар биетэй юм шиг боловч муна шиг хоёр шуутай, шанага шиг хоёр гартай эр юм билээ. Ная гарсан хүн гэхэд хоёр гар бас л хоосонгүй явсан нь илэрхий. Тиймдээ ч ид залуудаа Дорнод аймагт ажиллаж амьдарч байхдаа аймгийнх нь наадамд үзүүр түрүүнд үлдээд учраа бөхөө хаячихаад байхад нутгийн бөхөө давсан гэж булхай луйвар хийгээд аймгийн зааны үнэмлэх бичиж өгөхөөр нь тэрийг нь тэр индэрт нь тавиад орхисон гэсэн. Тийм болохоор бөхийн цол хэргэм байхгүй гэж дурссан.
Пүрэв гуай одоо төрөлх нутаг Өлзийт сумандаа Орхон голынхоо хөндийгөөр адуу малаа хариулан, айраг цагаагаа исгэн, тал нутагтаа тавтай сайхан аж төрөн суугаа юм билээ.