10/12/2025
Хар шөлийг бага залуу хүн уухыг хориглодог байв. Дулаан цагт залуу хүн хар шөл уух юм бол цус хөөрдөг, хүйтэнд залуу хүн хар шөл уугаад байвал бээрэг даараг болдог гэж үзнэ. Тийм учраас залуу хүнд бол хольцоотой шөл уухыг л зөвлөнө. Хар шөлийг ер залуу гэлтгүй ахмад настай хүн их уувал нүдний хараа мууддаг санж. Тийм учраас хар шөл уугаад үстэй дээл хөдөрч унтах, их гал түлсэн гэрт хар шөл уунгуут яаран унтахыг цээрлэнэ. Дамаа сарлаг үхрийн мах идээд хар шөлийг уувал гарч малын цаагуур наагуур явж хөдөлгөөн хийж сэрүүцэхийг шаарддаг. Хар шөл баахан уугаад л гал хөс их түлсэн гэрт унтаад л, мөн цасан шуурга сөрж алхаад байвал нүдний хараанд халтай.
Хар шөлийг мэдрэлийн ядаргаа туссан хүнд машид бага багаар эмийн журмаар уулгахад ядаргаа тайлагддаг. Уухаасаа өмнө үнэрийг алсаас авхуулдаг. Ядаргаанд ороод их дордсон хүний гэрт бүхэл мах чанавал хий харгаж унах осолтой. Тийм учраас зэрэгцээ хоёр гэрийн салхин талд нь бариатай гэрт чанаж уурыг нь аажмаар үнэрлүүлэх, мах чанаж буй гэрийн салхины эсрэг талд аваачаад тооноор савсах махны ууранд суулгадаг. Хуучин цагт хатуу чанга дэглэмтэй орон шоронд яваад ядарч ирсэн хүнийг, мөн өвдөж хавдаад их ядарсан хүнийг эхлээд тийн алсаас утдаг байж. Давхар аргалийн утаагаар бас утчихаж байгаа юм. Ингэхдээ нар баруун хойш ташаад илч буурсан үед үйлдвэл зохилтой хэмээжээ. Өглөөн нарнаас илүү үдээс хойших наранд гэж заалттай. Мэдээж жин үдийн нар бол хортой. Их ядруу биетэй хүнд эхлээд тийн алсаас үнэртүүлэх төдий, маргааш нь харин дөнгөж халуун уурыг хий оочлох төдийхнөөр домнодог. Дараа нь харин бага зэрэгхэн балгуулдаг байжээ.
Гөрөөсний мах чанаж идээд хар шөлийг нь уунгуут бие нь жигтэйхэн болоод тэрнээсээ шалтаглаж өвчин тусдаг хүн ч бий. Зарим нь бүүр баахан эрч хүч орж буй мэт зүйл мэдэгдээд хэд хоногийн ардтаа хөдөлж чадахыг байгаад аажмаар үл ялиг олиг олох нь цөөнгүй. Хар шөл уувал ердөө гурав балгаад л болно. Аяга аягаар нь уугаад байвал алсдаа зүрх судасны өвчтэй болж аажмаар даралт хөдөлдөг болно. Гурил будаа ховор цаг үед Монголчууд хар шөлөө л уухаас өөр яалтай. Харин хөдөлж биеэ халааж ууснаа тараадаг байжээ. Гурил будаагүй үед хар шөлөнд халтар арвай, хөх тарианы гурил багашаархан хийгээд буцалгаж орхивол хор нь гарчихдаг юм аа гэлцэж байдаг сан. Ерөнхий ойлголтоор бол хар шөл их уугаад байвал ямар ч хүний цусны эргэлтэнд тодорхой хүч өгч нөлөөлдөг юм сан уу. Тийм учраас буцалмал халуун цустай хүүхэд залуучууд хар шөл даамай их уувал зохимжгүй, бүр хор болж зүрх судсанд өөрчлөлт ордог юм болов уу. Хар шөл уусан болгон гэм цохино ч гэж юу байхав. Гэхдээ л зарим хүнд таарч тохирохгүй тал бий тул уухдаа болгоомжлох хэрэгтэй. Уусан бол хөдөлж хөлсөө гаргавал их сайн. Манай хөгшин ээж хар шөл уусан л бол хөлсөө жаахан сэврээж байгаад гараад алхчихдаг байв. Тэгээд хэсэг зуур үүгээр түүгээр аргал түлээ хормойлж асгаад жаал зугаа хөдөлсний дараа орж ирээд жаахан хажуулчихна. Хар шөл уулгаад унтаж амрах гэвэл тачигнадаг байлаа.
- Толгойд чинь цус хөөрнө, хөлсөө дарчхаад юм давхарлаж өмсөөд гадаа гар, мал эргүүл гэх мэт. Эрлийн хижээл хүн ирвэл, түүнийг ялимгүй аяншиж явааг анзаарсан бол яг мордохын өмнөхөн аяга хар шөл хийж өгнө. Цаад хүн нь андана гэж үгүй, хар шөлөө хүртээд махыг нь идчихээд нэгэнтээ тамхи нэрээд л яаран мордоод шогшчихно. Монголчууд бидний идээ ундааны дэг соёл гэдэг гүн гүнзгий утга агуулгатай билээ.
Хумбагарын Батмэнд. 2025. 12. 10. copy