14/09/2026
“Ум аа хум базар гүрү бадма сиди хум” бол Бадамжунай багшийн зүрхэн тарни. Утгыг тайлбал:
Ум нь хамаг бурхадын лагшин буюу биеийн очир.
Аа нь хамаг бурхадын зарлиг буюу хэлний очир.
Хум нь хамаг бурхадын таалал буюу сэтгэлийн очир.
Түүнчлэн Ум нь амьсгал авах, Аа нь шингээх, Хум нь амьсгал гаргах анир. Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал амьдралын их эрчим бурханлаг оршихуйг танина.
Базар нь очир бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгатай. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг. Бүх юмс хоосон чанарын агаараас төрж, хоосон чанарын агаарт оршиж, хоосон чанарын агаарт уусдаг. Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсэн замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн өөрийн дотроос үнэмлэхүй гэгээн огторгуй чанарыг нээж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.
Гүрү бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан хийгээд бурханы хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй. Нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.
Бадма нь бадамлянхуа цэцэг. Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг. Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ.
Сиди нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни. Хүний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурханы номд өгүүлдэг. Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэнэ.
Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Бадамжунай багш ийн хариулжээ: “Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно. Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно. Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна.
Утга чанарыг гүн бясалгаж, чин сүжиглэх хэрээр тарнийн хүч үйлчилнэ. Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ. Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно. Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.
Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй. Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм..." гэжээ.