26/09/2025
Би багаасаа техник инженерчлэлд сонирхолтой, юмсыг эвлүүлж зохион бүтээх дуртай хүүхэд байсан. 9 дүгээр ангид найзтайгаа нийлж цахилгааны холболт хийж, Монгол улсын зөвлөх инженер дээр дадлагажиж анх цахилгааны инженер гэдэг мэргэжилтэй танилцаж байлаа. Тэр хүнийг хараад би ч бас Монгол улсын зөвлөх инженер болно гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тэр мөч надад ирээдүйн мэргэжлээ сонгоход маш чухал нөлөө үзүүлсэн.
Витафит компанидаа найм дах жилдээ ажиллаж байна. Анх дамжлагын ажилтнаар орж, шат шатаар ахин өсөж, цахилгааны инженер болсон. Компанидаа тууштай ажиллах гол шалтгаан маань хамт олон. Ажлын гараагаа эхлэхэд намайг угтаж, чиглүүлж явсан үе үеийн цахилгааны инженерүүддээ би үргэлж талархдаг. Энгийн утасны холболтоос эхлээд нарийн төвөгтэй үйлдвэрлэлийн процесс хүртэл бүгдийг ах, эгч нараасаа сурсан. Тэд бол ажлыг амархан харагдуулж, алдааг зааж, дахин алдахгүй байх “луужин” болж өгдөг чадварлаг хүмүүс. Бас хамгийн чухал зүйл бол манай компани биднийг бүх талаар дэмжиж, чанар стандартыг баримталж, бидэнд ажлын гүйцэтгэлийг үр дүнтэй хийх боломжийг олгодог.
Дэлхийн шилдэг 100 хувь автомат тоног төхөөрөмжүүдийн цахилгаан эх үүсвэр болон үйл ажиллагааг хянах гэдэг нь маш хариуцлагатай ажил. Энгийн холболт монтажнаас хэд дахин нарийвчлал шаарддаг учир автоматжуулалтын инженер гэж нэрлэдэг. Олон том шугамуудад гар бие оролцож, шинэ туршлага хуримтлуулдаг нь миний ажлыг сонирхолтой болгодог. Шантрах зүйл олон байсан ч сэтгэлээсээ хандаж хийсэн ажлын үр дүнгээ хараад урам зориг аван урагшилдаг.
Улс орны хөгжлийг инженерүүд авч явдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс би өөрийн мэргэжлээрээ тууштай ажиллаж, илүү их суралцах эрмэлзэлтэй байна. Залуучууддаа инженер тэр дундаа цахилгааны инженер мэргэжлийг сонгон суралцаасай гэж уриалж байна.
Цахилгааны алба бол үйлдвэрлэлийн чухал хүч юм.
#Витафитгрупп